Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн удирдлагууд нийслэлийн Налайх дүүргийн Политехникийн коллежтой хамтран гурав дахь жилдээ хамтран ажиллаж, хугацаат албаны дайчдадаа нийгэмд эрэлттэй мэргэжил эзэмшүүллээ. Энэ удаа Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан түүхт 80 жилийнхээ ойн хүрээнд 30 гаруй түрүүч, байлдагчийг “Хүнд машин механизмын оператор”, “Замчин” гэсэн мэргэжлээр суралцуулсан ба 6 дугаар сарын 17-ны энэ өдөр мэргэжлийн үнэмлэхээ гардан авах ёслол ажиллагааг зохион байгуулсан юм.
Ёслолын арга хэмжээнд төгсөгчдийн ар гэрийн төлөөлөл, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаатар, Налайх дүүргийн Политехникийн коллежийн захирал С.Мөнхбат тэргүүтэй эрдэмтэн багш нар оролцсон юм.
Тус ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаатар баяр хүргэж хэлсэн үгэндээ “Юуны өмнө Инженерийн тусгай хороонд иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэргийн албаа нэр төртэй хаахаас гадна нийгэмд эрэлттэй мэргэжлээр шамдан суралцаж мэргэжлийн үнэмлэхээ гардан авч байгаа хугацаат албаны түрүүч, байлдагч нартаа баяр хүргэе.Энэхүү мэргэжлээр суралцсанаар цаашид эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох боломж бүрдэж байгаа билээ. Тус сургалтыг хамтран зохион байгуулсан Налайх дүүргийн Политехникийн коллежийн удирдлага, эрдэмтэн багш хамт олонд баярлалаа” гэсэн юм.Мөн тус коллежийн захирал С.Мөнхбат энэ жилийн төгсөгчид Налайх дүүргийн Политехник коллежийн 70 жилийн ойгоор төгсөж байгааг тодотгож, түрүүч, байлдагч нар эзэмшсэн мэргэжлээрээ эх орныхоо хаана ч очиж ажиллах бүрэн боломжтойг онцоллоо.
Энэ үеэр Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн тушаалаар цэргийн албаа нэр төртэй хааж, сурлага, хөдөлмөртөө амжилт гаргасан байлдагч Т.Тэгштогтох “Онц сурлагатан” тэмдэг гардуулж, дэд түрүүч Г.Буянжаргал, байлдагч Н.Төрбат, А.Анхбаяр, Б.Үнэнхүү нарт “Талархлын захидал” хүртээв. Үүний дараа түрүүч, байлдагч нарын ар гэрийн төлөөллийг ангийн үйл ажиллагаатай танилцуулж, цэргийн орчин нөхцөл хэрхэн өөрчлөгдөж байгааг сонирхууллаа.
Ингэснээр сүүлийн гурван жилд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 90 гаруй хугацаат цэргийн алба хаагч эх орныхоо өмнө тангараг өргөж, цэргийн албаа хаангаа өөрийнхөө хүссэн мэргэжлийг эзэмшсэн байна.
ЭХ СУРВАЛЖ ХОЛБООС
0 comment