1954 онд “Сургууль курс” өрөмдөгч, тэсэлгээчин, бэхэлгээчин, засварчин зэрэг 10 гаруй мэргэжлээр 160 суралцагчтай хичээллэж гараагаа эхэлсэн.
1961 онд БНМАУ-ын Үйлдвэрийн яамны сайдын тушаалаар сургууль курсийг “Сургууль комбинат” болгон өргөтгөж уулын үйлдвэрийн анхны төвлөрсөн сургууль болж уулын комбайны машинч, цахилгаан тэрэгний машинч, токарьчин, гагнуурчин зэрэг 12 мэргэжлээр 400 шахам суралцагч элсүүлэн сургасан.
1965 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 262 дугаар тогтоолын дагуу сургууль комбинатыг Аж үйлдвэрийн яамны харьяа “Уулын үйлдвэрийн техник мэргэжлийн сургууль” болгон, мэргэжилтэй ажилчдыг сургалтын тодорхой системтэйгээр эх орны уул уурхайн үйлдвэрүүдэд бэлдэн, сургуулийн захирал Д.Балдангийн удирдлагаар 500 хүүхэд суралцах хичээлийн байр, 452 суралцагчийн дотуур байр, биеийн тамирын заал зэргийг бүтээн босгож нийт 4357 мэргэжилтэй боловсон хүчинг төгсгөсөн байна.
1979 онд “Геологи уул уурхайн техник мэргэжлийн сургууль” болон 3 жилийн сургалтад бүрэн шилжүүлэх, багшлах боловсон хүчнээр хангах, ерөнхий эрдмийн кабинетуудыг байгуулах, сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг шинээр хийж мөрдөх зэрэг өөрчлөлт шинэчлэлтийн үе байв.
1983 онд “Түлш эрчим хүч, геологийн ТМС” болон өргөжин тэлж 15 сая гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, жилдээ 5 сая орчим төгрөгийн төсөвт зардалтай, 40 гаруй кабинеттай, 100 орчим багштай, 200 ажилчидтай 1 ээлжинд 1200 орчим суралцагч хичээллэж нийтдээ 5253 хүнд мэргэжлийн боловсролыг олгож нам, засгийн бодлогод нийцсэн тохилог сургууль болсон.
1994 онд ШУБЯамны зөвшөөрснөөр Техникийн их сургуулийн харьяа “Техникийн лицей сургууль” гэж нэрлэгдэн 4 лицей анги, ердийн 6 бүлгийг нээж сургалт явуулан нийт 1498 мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн төгсгөсөн. Энэхүү жилд сургуулийн 40 жилийн ой тохиож байжээ.
2003 онд Мэргэжлийн боловсролын тухай шинэ хууль гарсантай холбоотой сургуулийн нэрийг БСШУЯамны сайдын тушаалаар “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв” болгон өөрчлөв. Эдгээр жилүүдэд шинээр хөрөнгө оруулалт оруулах томоохон бүтээн байгуулалтын оргил үе байсан бөгөөд 5247 суралцагч элсүүлэн, төгсөлтийн тоо 4550 хүрч байжээ.
2014 онд 60 жилийн ойн босгон дээр төрийн дээд Алтан гадас одонгоор шагнуулж байжээ.
2020 оны 6 дугаар сарын 30-нд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн 14 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатайгаар Налайх дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төв нь магадлан итгэмжлэгдсэн.
2021 онд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжсэн ХНХЯ-ны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-д хамрагдсанаар авто замын мэргэжлийн үнэлгээ гэрчилгээжүүлэлтийн чадамжийн төв болон өргөжиж Налайх дүүрэг дэх Политехник коллеж болсон бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд техникчийн боловсролоор 5, мэргэжлийн боловсролоор 13, насанд хүрэгчдийн сургалтаар 5 нийт 23 мэргэжлээр 13-49 насны 48 бүлгийн 910 суралцагч, 95 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Comments Off on ТҮҮХЭН ЗАМНАЛ