Өнөөдөр тус политехник коллежийн удирдлагууд болон багш нар “Налайхын үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус паркийн гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар хүлээн авч үйл ажиллагаагаа танилцуулсан. Налайхын үйлдвэрлэл, технологийн парк нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад үйлдвэрлэл технологийн паркаас хамгийн ахицтай ажиллаж байгаагаараа онцлог байв. Өнгөрсөн хугацаанд паркийн захиргааны зүгээс хүнд даацын авто машины зам, цахилгааны дэд станц, гүний худаг, үерийн ус зайлуулах далан гэх мэтчилэн дэд бүтцийн олон ажлыг амжуулсны зэрэгцээ эхний аж ахуйн нэгжүүд нь үйлдвэрээ байгуулан бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлээд эхэлсэн байна. Тухайлбал “Координат Чойсе” ХХК нь уул уурхайн бүтээгдэхүүний сав баглаа боодлын үйлдвэрийг ашиглалтад оруулсан нь дотоодын зах зээлийн хэрэгцээг бүрэн хангахуйц хүчин чадалтай байлаа. Мөн паркийн захиргаатай гэрээ байгуулсан “Электрокем” ХХК-ийн үйлдвэр нь авто машины хаягдал аккумляторыг дахин боловсруулж нэг ч хаягдалгүй, бүрэн автомат дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр байсан юм. Тус парктай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх нь бидний хамтын зорилт юм.




Comments Off on Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа